top of page
Search

Хүүхдийн ном бичих 9 алхам

Хүүхдийн зохиолч Эви Жонэсийн зөвлөгөө

Та хэзээ нэгэнтээ хүүхдийн ном бичих юмсан гэж бодож байв уу. Бидний цувралаар танилцуулах алхам таны эрэл хайгуулыг товчилно. Бид хүүхдийн зохиолчийн зөвлөгөөг цувралаар та бүхэнд хүргэнэ.


Энэ зөвлөгөөнөөс та дараах зүйлийг мэдэж авна:

🔸Хүүхдийн ном хэрхэн бүтээх

🔸Таны номыг унших насны бүлгийг хэрхэн тодорхойлох

🔸Хүүхдийн ном бичихэд шаардлагатай гол зүйлс

🔸Хэн ч уншаад ойлгохоор хялбар, ойлгомжтой байдлаар хэрхэн бичих

🔸Номын зураачтай хэрхэн хамтран ажиллах


Хүүхдийн ном бичиж, хэвлүүлэх алхмыг харуулбал:.

1️⃣ Хэдэн насны хүүхдэд зориулсан зохиол бичихээ тодорхойлох

2️⃣ Бичих хэв маягаа тодорхойлох

3️⃣ Зохиолын элементүүд

4️⃣ Анхаарал татсан сонирхолтой гарчиг, нэр

5️⃣ Мэргэжлийн редактор

6️⃣ Ноорог ном

7️⃣ Номын зураачтай ажиллах

8️⃣ Паблишинг компанитай холбогдох эсвэл Номын уралдаанд бүтээлээ явуулах 🤗

9️⃣ Тэмдэглэх


Номын форматаа сонгох 🤔

Та цахим эсвэл цаасан номын алийг бүтээхээ шийдэх хэрэгтэй!

Ер нь аль алинаар нь л хэвлэнэ гэж тооцоолоход гэмгүй.

Цахим ном бага насны хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш, мөн эцэг, эхчүүд ч үүнийг таашаадаггүй. Цахим номын зах зээл хэдий хүрээгээ тэлж байгаа ч эцэг, эхчүүд хэвлэмэл ном худалдан авахыг илүүд үзсэн хэвээр байна.



Хүүхдийн ном гэхээр нас насны ангиллаас хамаараад өөр. Учир нь нас бүрт хүүхдийн юмсыг танин мэдэх чадвар харилцан адилгүй, иймээс аль насныханд зориулж бичихээ тодорхойлох нь хамгийн чухал. Хэрэв бид номоо утга учиртай, сургамжтай, өгөөжтэй, хөгжилтэй болгохыг хүсэж байгаа бол нас насанд хүүхдийн танин мэдэх, сэтгэх чадвар ямар түвшинд байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй.


Хүүхдэд зориулсан ном бичих гэж байгаагаа мартаж болохгүй 🧚🏼‍♀️

Та магад хүүхэд, томчууд ялгаагүй ном л бол ном гэж андууруузай. Хэнд зориулж бичихээс хамаарч бичлэгийн хэв маяг огт өөр болно.

Та туршлагатай зохиолч, идэвхтэй блог хөтөлдөг эсвэл бүр хэдийнэ өөрийн гэсэн уншигчидтай болсон нэртэй зохиолч байж болно. Гэхдээ хүүхдийн зохиолын тухайд бол бид цоо шинэ өнцгөөс юмсыг харж, хүүхдүүдийн оронд өөрсдийгөө тавьж үзэхийг хичээх хэрэгтэй.

Австралийн зохиолч Мэм Фокс энэ талаар яг голыг нь олж хэлсэн байдаг: “Зурагт ном бичих нь Дайн ба Энх номыг хайку хэлбэрт оруулахтай адил.”

Номын ангиллаа тодорхой болгох

Ихэнх хүүхдийн номыг дараах ангилалд хувааж болно. Үүнд:

🔻Үсэглэлийн ном

🔻Зурагт ном

🔻Үлгэр

🔻Уран зохиол

🔻Өсвөр үеийнхэнд зориулсан зохиол

Ийн ангилахдаа хэдэн насны хүүхэд аль номыг унших вэ гэдгийг харгалзсан болно. Мөн хуудасны тоо, зураг, чимэглэлийн тоо, нийт үгийн тоог багцаалж гаргахад хялбар болгох үүднээс дараах хүснэгтийг гаргалаа.

Энэ хүснэгтээс та баримжаа авч болно. Өөр нэг санаа хэлэхэд, та өөрийн бичих гэж буй номтой төстэй нэг ном сонгоод тэр номынхоо үгийн тоо, зураг, хуудасны тоог багцаалан төлөвлөж болно.


Зорилтот насны бүлгээ ойлгож, мэдэх нь хамгийн чухал

Хүүхдийн ном бичих үнэхээрийн ур ухаан шаардсан хүндхэн сорилт. Үндсэндээ таны бичих ном дараах хоёр бүлгийн аль алиных нь сонирхлыг татах учиртай:

✏️Номыг унших хүүхэд

✏️Номыг хүүхдэд худалдан авч өгөх томчууд

Хүүхдийн ном худалдан авдаг гол бүлэг нь 30-44 насныхан байдаг. Эдгээр худалдан авагчдаас эмэгтэйчүүд 70 хувийг нь эзэлдэг.

Тэгэхээр эдгээр зорилтот насны бүлгийнхний сонирхол, шаардлагыг тодорхой хэмжээнд ойлгох хэрэгтэй. Үүний тулд та эдгээр хүмүүстэй ярилцах, багш болон эцэг, эхчүүдтэй уулзах, өөрийн хүрээллийн эмэгтэйчүүдийн дунд багахан судалгаа хийх нь тустай байж мэднэ.

Хүүхдүүдээс гадна эцэг, эхчүүд болон багш нарын санаанд нийцэх нь чухал үзүүлэлт болно гэдэг нь танд аяндаа анзаарагдах байх. Та магадгүй өөрийн бичих номын зорилтот бүлгийнхний уншиж буй номыг судалж, ерөнхийдөө ямар хэв маягтай байгааг, ямар үг хэллэг ашигласныг харж болно шүү дээ.



Бичлэгийн хэв маягаа тодорхойлох

Хэдэн насны хүүхдэд зориулсан ном бичихээс хамаарч таны бичлэгийн хэв маяг, үгийн тоо, өгүүлэх гэж буй түүх, хэлэх гэсэн гол санаа өөрчлөгдөх нь лавтай. Тэгэхээр дараах зүйлийг анхаараарай гэж миний зүгээс зөвлөж байна:


📌Шүлэглэх эсвэл сүүл, мөр холбон бичих Хэрэв та ийм хэв маягаар бичих гэж байгаа бол мөр тус бүр хэмнэлтэй, ойролцоо тооны үгтэй байх хэрэгтэй. Нэг шүлэглэж, нэг хүүрнэж хэв маягаа өөрчлөлгүй жигд байх нь илүү цэгцтэй. Жич: Монголчууд бидний сайн мэдэх жишээ бол Алтан загасны үлгэр. -Орч.


📌Өнгөрсөн эсвэл одоо цаг ашиглах Хүүхдийн номыг одоо цаг дээр бичвэл хүүхэд уншихад илүү хялбар, зохиол дотор “орох”-д дөхөм байдаг. Ингэвэл тэд зохиолыг өөрийн төсөөлөлдөө мэдэрч чадна. Өнгөрсөн цаг дээр бичсэн байвал тэдэнд болоод өнгөрсөн, өөрт нь хамаагүй мэт санагдаж мэднэ. Гэхдээ мэдээж хэрэг тодорхой үйл явдал эсвэл цаг үеийн тухай бичиж байгаа бол өнгөрсөн цаг дээр бичнэ. “Эртээ урьдын цагт…” гэж эхэлдэг үлгэрүүд өнгөрсөн цаг дээр бичигдсэн байдаг шүү дээ.


📌Өөрийн эсвэл бусдын өнцгөөс бичих Хэн энэ үлгэр эсвэл зохиолыг өгүүлэх вэ? Зохиогчийн хувьд энэ бол шийдэх хамгийн чухал асуудлын нэг. Гол дүр зохиолын хуудас бүр дээр дурдагдах уу, өрнөж буй үйл явдлууд зөвхөн түүнд хамаарах үйл явдлууд уу, зохиолын баатар үйл явдлыг өөрийн биеэр давж гарч байна уу гэдгийг бодоорой. Хэрэв тийм бол “би” гэх өнцгөөс бичих нь илүү зохимжтой. Хэрэв үгүй бол өөр нэгэн өгүүлэгчийн зүгээс бичиж болох юм. Ингэвэл илүү чөлөөтэй, бас уян хатан болно.


Нэг зүйлийг хэлэхэд, зөв эсвэл буруу арга барил гэж байхгүй. Та ямар ч хэв маягаар бичихээр шийдсэн байлаа тэр хэв маягаа алдахгүй байх нь л чухал.


Хүүхдийн номын үндсэн шинжийг агуулсан байх

Өвөрмөц, урам зориг өгөх хүүхдийн номын санаа байлаа ч түүнийг илэрхийлэх арга хүчтэй байж гэмээнэ олонд хүрнэ. Сайн зохиол нь сайтар бодсон атлаа энгийн байдаг.

Хэрхэн найруулан бичихээс их зүйл шалтгаална. Мэдээж хэрэг эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн хэсэгтэй байна. Бас үйл явдал, зураглал, сэтгэл хөдлөл байх хэрэгтэй. Ямар санаа илэрхийлэх гэж байгаагаа буюу үндсэн санаагаа тодорхой хүргэх нь чухал.


Үндсэндээ хүүхдийн номд дараах үндсэн шинжтэй байдаг. Үүнд:


✅Сэтгэлд хоногших дүр буюу зохиолын баатар Сайн дүрүүд нь ихэвчлэн маш хүчтэй зан чанартай, зоригтой үйлдэл хийдэг, аливаа саадыг давж мөрөөдлийнхөө араас явдаг. Хүүхдүүд тэдэнтэй хамт байхыг, тэдэн шиг болохыг хүсдэг. Хүүхдүүд тухайн дүрийг ямар нэг байдлаар өөртэйгөө хамаатуулах гэдэг. Бас тэд өөрсдийг нь санагдуулах зан чанартай дүрийг мартдаггүй.


✅Эгзэгтэй мөчүүд Ихэнх зохиолчод өгүүлэх түүхээ алмайруулам, гэнэтийн адал явдлаар эхлэхээс зайлсхийдэг. Гэвч ингэвэл залуу уншигчдыг татах үр дүнтэй арга болно. Гэхдээ уншигч хүүхдийн анхаарлыг холдуулахгүй байх гайхшруулам зүйлээр дүүрэн байх нь зохиолыг сонирхолтой болгоно. Нэг ёсондоо хүүхэд дараагийн хуудсыг эргүүлэхийг догдлон хүлээдэг байвал гоё.


✅Бодитой яриа Хүүхэд өөртэй нь ярилцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх харилцан ярианд дуртай байдаг. Ингэхдээ хүүхэд ойлгох энгийн хэлээр бичихээ мартуузай. Хэрэв тухайн насны хүүхэд юу ярьдаг билээ гээд төөрөгдөм санагдвал тэдэнтэй ярилцаж, тэдний яриаг сонсож болно шүү дээ.


✅Үйл явдал Үйл явдлын өрнөлийг бичихдээ зохиолын баатар бага зэргийн саад бэрхшээлийг хэрхэн давж байгаагаар бичиж болох юм. Гэхдээ бяцхан хүүхдүүд аз жаргалтай төгсгөлд дуртай байдгийг санаарай. Хэрэв тийм биш бол тэд гонсойж хоцроно шүү дээ.


Хэдийгээр үйл явдлын давтамж, хэмнэл чухал боловч бүх зохиол адилхан бүтэцтэй байх албагүй шүү дээ. Сайн зохиол бичих “жор” гэж байхгүй. Тэгэхээр заавал нэг бүтцэд баригдах гэж оролдох хэрэггүй гэж зөвлөх байна.


Номын нэр ⁉️
Номоо нэгэнт бичиж дууссан бол тохирох нэр олох л үлдлээ! Та магадгүй хэдийнээ ямар нэр өгөхөө бодчихсон байгаа байх. Зохиолыг тань тодотгох, илэрхийлэх нэр олох ч бас амаргүй.


Танд редактор хэрэгтэй юу? 📇

Редакторлах ч бас чухал ажил шүү. Сайн редактор үг үсгийн алдаа, дүрмийн алдаа, номын бүтцийг шүүн тунгаавал таны ном амжилт олох магадлал нэмэгдэнэ шүү дээ.

Зохиолын агуулга, хүргэх гэсэн санаа тань гайхалтай байж болох ч хэтэрхий олон алдаа байвал уншигч ойлгоход хүндрэлтэй болно.

Мэдээж хэрэг та өөрөө уншиж болно л доо, чанга тодоор үг бүр дээр анхаарал хандуулан уншихыг хичээгээрэй. Гэхдээ хөндлөнгийн хүн харвал таны анзаараагүй алдааг ажиглаж чадна. Хэрэв таны ном 600-аас дээш үгтэй бол мэргэжлийн редактораар хянуулахыг зөвлөж байна.


Номын зураг 🏡🌃

Хүүхдийн номны зургийн тухайд танд гурван сонголт байна.

❇️ Өөрөө зурах

❇️ Өөр хэн нэгнээр зуруулах

❇️ Эсвэл хамтран зурах

Мэдээж хэрэг төсөв, цаг хугацаа, ур чадвараа харгалзан шийдэх нь зүйтэй.


Номын зургийг төлөвлөхдөө танд ноорог ном хийж, зургийн төлөвлөлтөө гаргахыг зөвлөж байна. Та зурагт үзүүлснээр цаас, резин хоёр ашиглаад номоо ноороглох “ноорог ном” хийж болно. Ингэхдээ дараах алхмын дагуу хийж болно.

❇️ Зохиолоо хэвлэж гаргаад 15 (хэрэв урт бол түүнээс олон) хэсэгт хуваана.

❇️ Тэднийгээ ноорог ном дээрээ хэсэгчлэн наана.

❇️ Дараа нь хуудас бүр дээр харгалзах бичвэрт тохирох ямар зураг байж болохыг бодно.

❇️ Ингээд номынхоо зургийг ноороглож эхэлнэ дээ.

❇️ Энэ арга магадгүй төгс биш байж болох юм. Гэхдээ туршаад үзэхэд гэмгүй шүү.

❇️ Номоо бүтээж дууссан бол өөрийгөө урамшуулж баяраа тэмдэглээрэй!


Танд амжилт хүсье! 🤗🤗

1,198 views0 comments
bottom of page