top of page
Search

Номын зураг зурахад юу анхаарах вэ?

Хүүхдийн номын зураг зурахдаа бичвэр, зураг хоёроо хэрхэн нэгтгэхийг шийдэх нь чухал. Бичвэр зургийн нэг хэсэг байх эсвэл бичвэр, зураг хоёр тусдаа байх сонголт байж болно.


Бичвэр нь зургийн нэг хэсэг бол

Бичвэр, зураг хоёроо уусгах нь номын дизайны ажлыг илүү хөнгөвчилдөг. Ингэснээр та бичвэрийг хуудсанд тохируулах эсвэл фонтыг сонгох гэж их цаг үрэхгүй.

Ялангуяа 10-аас доош насны бяцхан уншигчдад зориулсан ном бүтэн зурагтай байх нь тохиромжтой учир энэ аргыг ашиглах нь тохиромжтой. Хүссэн фонтоороо, бас бичвэрээ хуудасны аль ч хэсэгт байрлуулсан чөлөөтэй болно гэсэн үг.


Доор та бүхэн Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Цөмөөхэй номын хуудсыг харж байна. Номын зургийг зурахдаа зураач бичвэр бичих орон зайг тооцон зургийг зурсан байна.

Бичвэр болон зураг тусдаа бол

Өөр нэг хувилбар нь номын зургийг бичвэрийн доод хэсэгт эсвэл бүр тусдаа хуудсанд оруулах. Энэ аргыг ихэвчлэн 10-аас дээш насны хүүхдэд зориулсан бичвэр ихтэй зохиолд ашигладаг.


Доор НэпкоКидс хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Жонатан Гулибэлийн аялал номын хэсгээс харж байна. Энд зохиолд холбогдох зургийг тусад нь нэг хуудсаар оруулжээ. Нэг анхаарах зүйл бол аль ч аргыг ашигласан байлаа тэрхүү аргаа номондоо тууштай ашиглах. Бүлэг бүрт зурагдах зургийн тоо үндсэндээ жигд байх, өөрөөр хэлбэл нэгдүгээр бүлэгт 10 зураг, хоёрдугаар бүлэгт 4 зураг гэхчилэн харьцангуй байж болохгүй.

Зураач Жим Фийлдийн зөвлөгөө

Олон улсын шагналт номын зураач Жим Фийлдийн хүүхдийн номын зураг хэрхэн зурах тухай дараах зөвлөмж танд тус болж мэдэх юм. Тэрээр Рэйчл Брайтын зохиол Хэрүүлч хэрэмнүүд номын зургийг хэрхэн зурсан туршлагаа ийн хуваалцжээ.

Онгод хөглөж, санаа авах зүйлс олох

Би номын зураг дээр ажиллахдаа санаа авах зүйлс хайхад маш их цаг зарцуулдаг. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, зэрлэг ан амьтдын тухай баримтат кино үзэх эсвэл бүр бусад зураачдын бүтээлийг харахад онгод төрөх нь бий.


Бүтээл туурвихад эдгээр зүйлс их тус болдог. Заримдаа би байгалийн зургаас бүтээлийнхээ дэвсгэр зургийн санааг, бас үзсэн киноноосоо гэрэлтүүлгийн санаагаа авах тохиолдол байдаг. Pinterest дээр санаа авах зүйл их бий. Би ажиллаж буй бүтээлдээ зориулж самбар гаргаад түүн дээрээ таалагдсан санаануудаа байрлуулдаг. Тэнд тэмдэглэсэн зүйлс ерөнхий санаанаасаа гажихгүй байхад тусалдаг.

Хэрүүлч хэрэмнүүд зохиолын гол дүр болох Сирилийн таталбар зургууд

Аналог болон дижитал технологийг хослуулах

Би өөрийнхөө 15 инчийн Macbook Pro нөүтбүүкийг LG 27UD88 мониторт холбоод зургаа зурдаг. Заримдаа бас Wacom Untuos5 Pro таблет ашигладаг. Дижитал файлуудаа засахад Photoshop програм хэрэглэдэг, мөн гэрэл сүүдрийг тохируулж, дэвсгэрийг засахдаа Kyle T Webster-ийн Photoshop багсуудыг ашигладаг.

Янз бүрийн таталбар гаргасны эцэст Фийлд энэ зургаар Сирилийн дүрийг бүтээхээр шийдсэн байв.

Би бүтээлдээ дижитал зураг, бас гараар зурсан зургийн аль алиныг нь ашигладаг. Эцсийн хувилбар дээр ажиллахдаа, тухайлбал гол дүр болон түүний орчин тойрныг би байнга гараар зурдаг. Компьютер дээр шууд зурахад гараар зурсан шиг сайн болж чаддаггүй, бас их цаг үрдэг.


Би зургаа зурахдаа аль болох бүхнийг гараар зурсан мэт харагдуулахыг хичээдэг. Дижитал зураг шиг харагдуулахаас нэг ёсондоо зайлсхийдэг болохоор филтер гэх мэт функ ашигладаггүй.


Зохиолынхоо зураглалыг гаргах

Би зохиолыг уншихад толгойд яг л кино шиг тоглогддог. Урьд нь анимэйшн хийдэг байсан маань их хэрэг болсон. Яг л кино яаж хийдэг дарааллаар зураглалыг гаргадаг.

Гараар зурсан таталбараа Photoshop-т оруулаад ард нь өнгөлөг дэвсгэр нэмэхэд ном ерөнхийдөө ямар харагдах ерөнхий төрх нь тодроод ирдэг.

Рэйчл Брайтын Хэрүүлч хэрэмнүүд зохиолд хоёр хэрэм өвөл болохоос өмнө самар нөөцлөхөөр хамгийн сүүлд модон дээр үлдсэн самрыг авахаар юу ч хийхээс буцахгүй тэмцэлддэг тухай гардаг. Манай зохиолын сайн талын дүр Сирил намаржин үдэшлэг цэнгүүнээр хэсээд юу ч нөөцлөөгүй сууж байдаг. Харин эсрэг талын дүр Брюс бүгдийг эртнээс төлөвлөн өвөлжин идэхэд хүрэлцэх самар нөөцөлсөн хэдий ч тэр хамгийн сүүлчийн самрыг авах гэж улайрна.


Санаагаа ноороглох

Би ихэнхдээ харандаагаа бариад таталбар зураг гаргахаас ажлаа эхэлдэг. Зохиолыг олон дахин уншихдаа дүрүүдийг төсөөлж, санаагаа сараачдаг. Зарим өгүүлэмж шууд л ороод ирдэг, заримыг нь зургаар илэрхийлэх гэж олон дахин туршиж үздэг.

Гол дүр ямар дүр төрхтэй байхыг тодорхойлсныхоо дараа Фийлд зохиолын ерөнхий зураглалыг таталдаг.

Ингээд ноороглож таталсан зургуудаасаа сайнуудыг нь шилээд InDesign програмд бичвэрийн хамт оруулж, зохиол яаж өрнөх үндсэн зураглалаа шалгадаг. Хэрэв би энэ зураглалдаа сэтгэл хангалуун байвал багийнхандаа үзүүлж санал, зөвлөмжийг нь сонсдог.

Энэ таталбар бол үндсэндээ номын араг яс л гэсэн үг. Таталбар зурагт ямар нэг учир дутагдалтай зүйл байвал түүнийг эцсийн шатанд өнгө будгаар засна гэж бодож байгаа бол цаг үрсэн хэрэг болох вий. Тэр даруй сайжруулах гэж хичээсэн нь цаг хэмнэнэ.


Номоо ноороглох

Таталбараа санаандаа хүртэл хийсэн бол би ноорог ном дээрээ ажиллаж эхэлдэг. Ахиадл харандаа, цаас бариад шүү дээ. Харин өнгө будаг нэмэх ажлаа Photoshop дээр хийдэг. Энэ шатанд номын өнгө төрх үндсэндээ тодорхой болно.

Ноорог дээрээ зураас бүрийг нягтлан, өнгөний зохицлоо гаргана.

Номын ерөнхий өнгийг гаргах бол хүч шаардсан ажил. Хэрүүл хэрэмнүүд зохиолын үйл явдал намрын сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа учир би шаргал, улаан, бор өнгүүдийг түлхүү ашигласан.


Эцэст нь хэлэхэд, би өөрөө анимэйшн хийдэг байсан болоод ч тэрүү хүүхдийн зурагт номыг киноны 24 кадр гэж төсөөлдөг. Хуудас бүр нь зохиолыг амилуулж байдаг.

458 views0 comments
bottom of page