top of page
Search

Насрэдин Хожа гэх нэрийг өмнө нь дуулж байсан уу?

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нэпко Кидс” хүүхдийн номын хэвлэлийн газраас монголын бяцхан уншигчдад зориулан “Насрэдин Хожа ба түүний харамч хөрш хоёрын үлгэр” номыг орчуулан хүргэсэн.  Уг номын зохиолч, Туркийн Эрдэм хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал Мэликэ Гүнюузтэй ярилцлаа. Насрэдин Хожа нь Турк улсын түүхэн философич, гүн ухаантан бөгөөд түүний тухай олон арван хошин, сургамжтай түүх байдаг. Насрэдин Хожагийн зальтай, заримдаа ухаалаг ч ихэнхдээ бас тэнэгдүү байдлыг хошигнолын өнгө аясаар бичсэн мянга мянган бүтээл бий. Насрэдиний түүх нь ихэвчлэн хошигнолоор баялаг, сурган хүмүүжүүлэх шинж чанартай байдаг. Мөн Туркэд жил бүрийн 7-р сарын 5-аас 10-ны хооронд “Насрэдин Хожагийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 


Та хэзээнээс эхлэн зохиолч болохыг хүссэн бэ?

Би 12 настайдаа зохиолч болохоор шийдсэн. Карьераа хүүхдийн ном хэвлэлийн газарт редактораар эхлүүлж байлаа. Хүүхдийн номын зохиол дээр ажиллах нь намайг хүүхдийн номын зохиолч болоход их түлхэц болсон. Би олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож, багш нартай холбогдон, уншигч хүүхдүүдийн сэтгэгдлийг харахад илүү урам зориг болж байсан. 

“Насрэдин Хожа ба түүний харамч хөрш хоёрын үлгэр” номыг бичихэд та хэдий хэмжээний хугацаа зарцуулсан бэ?

Насрэдин Хожа овсгоотой, хөгжилтэйн зэрэгцээ гүн ухаантан. Мөн Азийн аман зохиолын хамгийн түгээмэл дүр. Зохиолыг бичиж байхдаа Насрэдиний тухай бүхий л түүх хошин явдлуудыг хүүхдэд зориулан шүлэглэн бичихийг хичээсэн. Манай улсад Насрэдин Хожагийн түүхийг бага ангийн сурагчдад уншуулдаг. Гэхдээ би бага ангийн сурагчдад Насрэдиний түүхүүдийн философийг ойлгоход тун хэцүү байгааг ойлгосон юм. Яг үнэндээ томчуудад зориулсан философитой шүү дээ. 

Насрэдин Хожагийн зан чанарыг нэг үгээр хэлбэл?

Хошин

Юу таныг зохиол бичихэд хүргэдэг вэ? 

Миний бодлоор уйтгар гуниг намайг ямар нэгэн зүйл бичихэд хүргэдэг. Зохиолоо бичихэд надад эм шиг л санагддаг юм.

Танд шинэ зохиолчдод хандаж хэлэх зөвлөгөө байна уу. Байвал ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Миний бодлоор сайн зохиолч болох хоёр арга бий: Их уншиж, их бичих. Нэг л зүйлийнхээ талаар бичдэг хүн сайн зохиолч байдаггүй. Бичээд үз. Бичсэн зүйл чинь таалагдахгүй байвал ураад хая. Дахиад эхэл. Тэгж байж л сайжирна. Бичиж эхлэхээсээ өмнө зорилтот уншигчдаа тодорхойлж тэдний хэрэгцээнд нийцүүлж бич. Эцэст нь хэлэхэд хүн төрөлхтний нийтлэг өв соёлын тухай бүтээлүүдийг унших тусам өөрийн чинь бичвэрүүд дэлхий дахинд илүү хүрэх болно оо. 

Та зохиол бичээгүй үедээ, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Би хүүхдийн номын редактор мөн хэвлэн нийтлэгч. Зохиол бичих нь миний үндсэн мэргэжил биш харин хобби. Би сургуульд багшилж, хүүхдүүдэд уран зохиол заадаг. Миний бүхий л амьдрал хүүхдийн ном  хэвлэн нийтлэх, редакторлах, бичихтэй холбоотой.


Миний бодлоор сайн зохиолч болох хоёр арга бий: Их уншиж, их бичих. Нэг л зүйлийнхээ талаар бичдэг хүн сайн зохиолч байдаггүй. Бичээд үз. Бичсэн зүйл чинь таалагдахгүй байвал ураад хая. Дахиад эхэл. Тэгж байж л сайжирна.

Та номуудынхаа санаа, мэдээллийг хаанаас авдаг вэ?

Юун түрүүнд хүүхдүүд минь бага байхад би тэднийг ямар ном унших дуртай байгааг ажигладаг байлаа. Зохиол бичих болгондоо эхлээд тэдэнд уншиж өгнө. Тэдэнд таалагдвал би үргэлжлүүлэн хэвлүүлдэг байсан. Багш нарын санаа, шүүмжүүд ч бас гайхалтай мэдээллийн эх үүсвэр болж өгдөг. Учир нь багш нар сургууль дээр миний номыг хүүхдүүдэд уншиж өгдөг. Багш нар л миний номыг хэрэглэж байвал бяцхан уншигчдад таалагдаж байна аа гэсэн үг. Бага сургуулийн эхний хэдэн жилд уншиж өгч байгаа номууд залуу уншигчдын хувьд номд дуртай болоход их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэдний анх уншсан номууд нь үлдсэн амьдралынхаа туршид сайн уншигч болоход сургадаг.

Зохиолчийн тухай

Мэликэ Гүнюуз Туркийн Эрдэм хэвлэлийн газрын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрээр Туркийн соёл, аялал жуулчлалын яам, хэвлэлийн газруудын хүүхэд төвтэй төслүүдэд зөвлөхөөр, мөн Ибэн Халдун Их сургуулийн туслах профессороор  ажилладаг байна. 


Тэрээр өөрийн зохион байгуулж, хэрэгжүүлсэн хүүхдийн төслүүдээрээ олон арван зохиолч, хэвлэлүүдэд урам зориг өгсөөр иржээ. Ялангуяа түүний удирдан гаргасан, ном сургалтын төсөл нь Туркийн номоор боловсрол олгох төслийн үндэс суурийг тавьсан юм.


Мөн тэрээр шилдэг зохиолч, шилдэг зурагт ном гээд олон шагналт бүтээлийг туурвиж байжээ. Мэргэжлийн карьераас гадна тэрээр унших дадлыг хэвшүүлэх, Туркийн уран зохиолыг дэлхий даяар сурталчлах, хүүхдүүдэд зориулсан сайн чанарын ном гаргах, Туркийн хэвлэлийн зах зээлийг дэмжих чиглэлээр ашгийн бус байгууллагуудад маш том хувь нэмэр оруулжээ. Гүнюуз нь 15 хэл дээр хэвлэгдсэн 25 гаруй номын зохиолч юм.

Эх сурвалж: Монцамэ мэдээллийн агентлаг, 2020.07.27

33 views0 comments
bottom of page